Хүнд зүйлийг түлхэх ардын тоглоомоос үүсэлтэйгээр ХIХ зууны дунд үеэс бөөрөнцөг түлхэлтийн түүх эхэлсэн гэж үздэг. 1839 онд Канадын Т.Каррадис 8.61 м түлхсэн анхны баримт материалууд олдсон ба 1866 онд Английн тамирчин Фразер бөөрөнцгийг 10.62 м түлхсэн нь анхны рекорд амжилтад тооцогддог байна.
Бөөрөнцөг түлхэлтийн тэмцээн эхлээд Англид, дараа нь АНУ-д зохиогдох болжээ. ХХ зууны эхээр буюу 1909 онд АНУ-ын тамирчин, олимпийн аварга Р.Роуз эрэгтэйчүүдийн дэлхийн шинэ рекорд амжилтыг 15.54 м-ээр тогтоож, тэр амжилт 19 жил эвдэгдээгүй байна. Р.Роузын биеийн өндөр 200 см, биеийн жин нь 125 кг байв. 1928 онд Германы тамирчин Э.Хирифельц бөөрөнцгийг анх удаа 16 м-ээс хол буюу 16.04 м түлхсэн. 1934 онд “Уулан хүн” хочит Д.Торранс бөөрөнцгийг 17.40 м түлхжээ. Түүний өндөр 200 см, жин нь 135 кг байсан. 1990 онд АНУ-ын тамирчин Р.Бернси бөөрөнцгийг 23.12 м түлхэж дэлхийн рекорд амжилтыг шинэчилжээ.
Бөөрөнцөг түлхэлтийн тэмцээнд эмэгтэйчүүд нэлээн хойно оролцсон бөгөөд анхны албан ёсны дэлхийн рекорд амжилтыг 1926 онд Австрийн тамирчин Х.Кеплль 9.57 м-ээр тогтоож байсан. 1938 оноос бөөрөнцөг түлхэлтээр Европын аварга шалгаруулах анхны тэмцээнд эмэгтэйчүүд оролцож эхэлсэн бол 1948 оноос олимпод оролцсон байна.
Эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн дэлхийн рекорд амжилтыг Т.Севрюкова (14.59 м), Г.Зыбина (16.76 м), Т.Пресс (18.59м), Н.Чижова (20.43 м), Н.Лисовская (22.63 м) нарын зэрэг Оросын тамирчин бүсгүйчүүд эзэмшсээр ирсэн.
Бөөрөнцөг түлхэлтийн төрөл эрчимтэй хөгжлийн үе болох 1961 оны 8-р сард болсон Дэлхийн оюутан залуучуудын их наадмаас Д.Намжилмаа бөөрөнцөг түлхэлтэээр хүрэл медаль хүртжээ. Тэрээр Монгол улсын эмэгтэйчүүдийн бөөрөнцөг түлхэлтийн рекорд амжилтыг 14 удаа шинэчлэн тогтоож, хөнгөн атлетикчдаас ууган гавьяат тамирчин цолыг хүртсэн. Улсын шигшээ багт ажиллаж байсан дасгалжуулагчдаас Ш.Санжаа, А.Оюунцэцэг нар шидэлтийн дасгалжуулагч байв.
Бөөрөнцөг түлхэлт, зээрэнцэг, жад шидэлтийн төрлөөр эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил эртнээс хичээллэж байсан бол дүүгүүр шидэлтээр эмэгтэйчүүдийг хичээллэхийг хориглодог байв. Дүүгүүр шидэлт нь Ирланд улсад үүсэж, Англид эртнээс тархсан байна. Эхэндээ дүүгүүрийг хол шидэх биш, дээш өндөр шиддэг байжээ.
Дүүгүүр шидэлтийг төмөрчний хүнд жинтэй алхнаас гаралтай гэж үздэг. Английн хаан VIII Генерихийн үед төмрийн дарханы дүүгүүрийг янз бүрийн баяр ёслол, хааны гэр бүлийн баяраар шиддэг байсан.
Ч.Поддакийн 1937 онд Нью-Йоркт хэвлүүлсэн “Хөнгөн атлетик” номонд тэмдэглэснээр Ирландын домогт баатар Кучелейн төмрийн дархны хүнд дүүгүүрийг маш хол шиддэг байжээ. Ч.Поддак ийм сайн шидэгчид олныг нэрлэсний дотор Патрик О.Каллахан багтах бөгөөд тэрээр 1928, 1932 оны олимпийн аварга болсон юм.
2000 оны олимпийн наадамд эмэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн төрөл анх удаа орсон. Энэ төрөл хөнгөн атлетикийн бусад төрлийг бодвол шинэ төрөл байсан. 1995 оноос дүүгүүрийн төрлөөр эмэгтэйчүүд анх тэмцээнд оролцож эхэлсэн бөгөөд энэ хугацаанд дэлхийн рекордыг 4 удаа шинэчлэн тогтоожээ. Румыны тамирчин М.Мелинте 76.07 м амжилтыг үзүүлсэн.
Анх дүүгүүрийг байрнаас, дараа нь нэг эргэлтээс шиддэг байсан бөгөөд 1900 оноос хоёр эргэлтээс, 36 жилийн дараа Германы тамирчин гурван эргэлтээс шидсэн байна. Энэ үед өсгий-өлмий гэсэн дарааллаар эргэлтийг гүйцэтгэж байв. Энэ техникийг Германы дасгалжуулагч Ш.Христмен нээсэн. Орчин үед 3-4 эргэлт хийж дүүгүүрийг шиддэг болсон. Сүүлийн жилүүдэд эрэгтэй тамирчдын амжилт 87 м-т, эмэгтэйчүүдийнх 80 м-т ойртож байна. Дөрвөн эргэлт нь амжилтыг ойролцоогоор 70 см нэмэгдүүлдэг. Дүүгүүрийг 4 эргэлтээс шидэх нь том хөлтэй шидэгчдэд хүндрэлттэй байдаг байна.
Манай улсад дүүгүүр шидэлтийн төрөл сайн хөгжихгүй байгаа. Энэ нь орчин үеийн шаардлага хангахуйц хөнгөн атлетикийн зориулалтын цэнгэлдэх хүрээлэн, шидэлтийн талбай байхгүйтэй холбоотой юм. Монгол улсын эрэгтэйчүүдийн дүүгүүр шидэлтийн рекорд амжилтыг Д.Махашири (47.97 м), эмэгтэйчүүдийн рекорд амжилтыг П.Маамуу (44.40 м) эзэмшдэг.
Бие даан сурах бичиг ашиглаж судлаарай. /Номын зурган дээр дараарай./