Спорт алхаагаар алхах үед аль нэг хөл ямагт тулалтад байдгаараа гүйлтээс ялгагдана. Спорт алхаа нь ердийн алхааг бодвол маш их энерги зарцуулсан идэвхтэй хөдөлгөөнийг шаардах учраас нэлээд нарийн техниктэй.
Алхаа нь хүний хөдөлгөөний хамгийн энгийн арга бөгөөд бүх насны хүмүүс хүссэн газраа хичээллэж болдог гайхамшигт дасгал юм
Алхалтыг
Энгийн
2. Жагсаалын
3. Спортын
4. Аяны гэх мэтчилэн ялгана.
Эртний олимпийн хөтөлбөрт алхааны төрөл ороогүй байсан бөгөөд Грекийн атлетикчид алхааг зөвхөн өөрсдийн бие бялдрыг хөгжүүлэх хэрэглүүр болгон ашиглаж байв. Манай тооллын өмнөх 490 онд Афин хотын оршин суугчдад “Марафон хэмээх газар болсон тулалдаанд яллаа” гэсэн мэдээг хүргэж ирсэн Грекийн нэрт дайчин Фидиппид нь сайн алхагч байжээ. Энэ тулалдаан болохоос нэг жилийн өмнө тэрээр Афинаас Лакедемон хүртэл 230 км газрыг хоёр өдөрт туулж алхсан талаар тэмдэглэж үлдээсэн баримт байдаг.
Европод XIV зууны үед алхааны тэмцээн зохиогдож байсан ба 1483 онд Семюр-Отюр-Семюрын чиглэлд 140 км зайд алхааны тэмцээн явагдсан байна. Гэхдээ энэ тэмцээнд тамирчид спорт алхаагаар биш энгийн алхаагаар уралдсан байна. Харин спорт алхааны албан ёсны анхны тэмцээн 1867 онд Англи улсад зохиогдсон гэж үздэг. Энэ тэмцээнд Е.Чемберс 7 миль (11км 263 м) зайг 1:28:00 алхаж туулсан бөгөөд уг тэмцээнд 4 тамирчин оролцжээ. Англи улсын энэ жишээнээс улбаалж бусад оронд спорт алхаа хөгжиж эхэлсэн.
ХIХ зууны хоёрдугаар хагаст спорт алхааны тэмцээнийг ойрын зайд (1, 2, 3, 7 миль) болон хэт холын зайд Лондон-Брайтон (83 км), Вена-Берлин (578 км), Турин-Марсель-Барселона (1100 км) чиглэлээр зохиосон байна. Олон улсын анхны томоохон тэмцээн 1892 онд Францад Париж-Бельфорын чиглэлд зохиогдож 496 км зайд тамирчин Раможе 100 цаг 5:00 алхан түрүүлжээ. 1908 оны Лондонгийн олимпийн хөтөлбөрт спорт алхааны 3 км, 5 км, 10 км зайг оруулсан байна. 1932 оны Лос-Анжелосын олимпоос эхлэн спорт алхааг албан ёсны төрөл болгосон. Энэ олимпод эрэгтэйчүүд 50 км зайд алхаж уралджээ.
1930-аад оноос спорт алхааны тамирчид орчин үеийн арга, хэрэглүүрийг ашиглан ачааллын багтаамжийг нэмэгдүүлж, бүтэн жилийн сургалт- дасгалжуулалтыг хийдэг болсон. 1964-1976 онд спорт алхааны төрөл Ази, Африк, Латин Америкийн орнуудад өргөн дэлгэрч, спорт алхаагаар хичээллэх тамирчдыг бэлтгэж эхэлжээ. Спорт алхаа нь хөнгөн атлетикийн
сонгомол төрөл болж, дэлхийн олон улс орнуудад хөгжиж, эмэгтэйчүүд ч спорт алхаагаар хичээллэх болсон.
Багийн үйл ажиллагаа: Спорт алхааны дэлхийн шилдэг тамирчдын танилцуулга
Монгол улсад спорт алхааны төрөл нь хөнгөн атлетикийн бусад төрлийг бодвол хожуу хөгжсөн. 2002 оноос туршлагатай дасгалжуулагч Б.Гунгаа, ОХУ-ын мэргэжилтэн Ц.П.Холхонов нар Монгол улсад шинээр хөгжиж буй энэ төрөлд залуу тамирчдыг бэлтгэж эхэлсэн. Түүнчлэн дасгалжуулагч Б.Гунгаа спорт алхааны техникийг үзүүлсэн VCD бүхий арга зүйн зөвлөмжийг боловсруулан, бүх нийтийн хүртээл болгосон нь хөнгөн атлетикийн энэ төрлийг хөгжүүлэх сургалтад ихээхэн тус дэм болсон байна. 2003 онд анх удаа спорт алхааны Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 2007 оноос олон улсын чанартай тэмцээнүүдэд оролцож эхэлжээ.
В.Отгонтуул 2006 онд ОХУ-ын Новосибирск хотод зохиогдсон олон улсын тэмцээнд 5 км-т 23:48.00, 2008 онд Монгол улсын аварга шалгаруулах тэмцээнд 10 км-т 50:48.11, Япон улсад зохиогдсон олон улсын тэмцээнд 20 км-т 1:45:09 амжилт үзүүлсэн бол эрэгтэй тамирчдаас
Г.Түвшинсайхан 5 км-т 25:13.89, 10 км-т 46:42.29 амжилтаар улсын рекорд амжилтыг тус тус тогтоосон байна.