Гүйлтийн нэг мөчлөгийн энэ үе нь түлхэлтийн хөл тулалтаас салах агшингаас эхэлж, савалтын хөлийг тулалтад тавих агшин хүртэл үргэлжилнэ. Нисэлтийн үе хоёр үелэлд хуваагдана. Үүнд:
1) Хөлийг зөөх үелэл буюу биеийн хүндийн төвийг нисэлтийн хамгийн дээд хэмжээнд хүргэх\
2) Хөлийг тулалтад буулгах үелэл буюу савалтын хөл газарт хүрч, түлхэлтийн хөлийн байрлалд шилжих хэмжээнд хүртэл БХТ-ийг доошлуулах үелэл багтана.
Гүйлтийн нисэлтийн үеийг ингэж хоёр үелэлд хуваах нь нисэлтийн замд БХТ хурдтай шилжихэд хүндийн хүч ямар үүрэгтэйг ойлгоход чухал юм. Нисэлтийн үед хөдөлгөөний хурд нэмэгдэхгүй бөгөөд харин ч эсрэгээрээ нисэлтийн үе удаан үргэлжлэх тусам хурд алдалт их байдаг. Нисэлтийн үе нь гүйлтийн алхмын уртыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, нисэлтийн үе удаан үргэлжилбэл, том алхах боломж бүрдэнэ.
Гүйлтийн техникийн нэг мөчлөгийн тулалтын үе нь хоёр үелэлд хуваагдана. Үүнд:
1) Тулалтын хөл өвдгөөр нугарч, хөдөлгөөнийг зөөллөх үелэл
2) Түлхэх үелэл орно.
Хөдөлгөөнийг зөөллөх (амортизация) үелэл нь хөлийг тулалтад тавих агшингаас эхлэх бөгөөд биеийн хүндийн төвийн тусгал тулалтын хөлийн эгц дээрээс буухаар байрлалд ирж, бие босоо болж эхлэх агшин хүртэл үргэлжилнэ. Энэ үелэлд БХТ мэдэгдэхүйц доошилж, өвдөг ба шагайн үеэр нэлээд нугарч, аарцагны хэсэг савалтын хөл рүү ойртож очдогоороо спорт алхааны техникээс ялгаатай байна.
Хөлийг тулалтад тавих агшингаас бие босоо байдалд ороход савалтын хөл нь инерцээрээ тулалтад үзүүлэх даралтын хүчийг ихэсгэдэг. Бие босоо байдалд орох агшингаас тулалтын хөл газраас салах агшин хүртэлх хугацаанд савалтын хөлний инерцийн хүч нь түлхэлтийн хөлийг хурдтай тэнийлгэхэд туслах бөгөөд ингэснээр түлхэх үелэлийн хурд нэмэгдэнэ.
“Гараандаа” дохиогоор гүйгч аль хүчтэй хөлөө урд, нөгөө хөлөө арын тулгуур суурьт өлмийгөөр тавьж, өвдгөөр газарт тулан, эрхий хурууг дотогш, бусад хурууг гадагш харуулан тэнийлгэж, гарааны шугамын дагуу байрлуулан, тохойгоор шулуун тулж сууна.
Барианы мөн чанар нь зайг дуустал дээд хурдаа хадгалахад оршино. Нийт зайн турш дээд хурдыг бүрэн хадгалах боломжгүй байдаг. Гүйлтийн төгсгөлд түлхэлтэд оролцогч булчингуудад цуцалт үүсэж, алхмын урт багасан, хурд буурна. Гүйгчийн хурд барианаас ойролцоогоор 15-20 м зайд 3-8%-аар буурдаг. Хурдаа хадгалахын тулд алхмын давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Үүнийг гарын хөдөлгөөний тусламжтай нэмэгдүүлнэ. Гарын хөдөлгөөний талаар бид дээр дурдсан. Гүйгчийн их бие барианы шугамын босоо хавтгайд хүрэх агшинд гүйлт дуусдаг. Барианы шугамд хурдан хүрэхийн тулд гүйгч үндсэн хоёр аргыг хэрэглэж байна.
Нэг нь барианы шугамыг дээд хурдаараа гүйж өнгөрөх арга юм.
Нөгөө нь сүүлчийн алхамд их биеэр огцом урагш бөхийж, гарыг арагш савж барианд ордог. Энэ аргыг “цээж хаях” гэнэ.
Цээж хаях арга нь өөрийн амжилтыг ахиулах боломжийг бүрдүүлнэ Дээрх хоёр арга нь гүйгч барианы шугамд хүрэх хугацааг богиносгодог. Гүйгчид нэгэн зэрэг барианд орох үед цээж хаях нь маш ач холбогдолтой бөгөөд энэ хөдөлгөөнөөр ялалтыг авчрах тохиолдол олон байдаг. Барианы техникийг сайн эзэмшээгүй гүйгч барианы шугамд дээд хурдаар орж чаддаггүй.
Ямайкийн алдарт тамирчин олимпийн 6, дэлхийн 8 удаагийн аварга, дэлхийн дээд амжилтыг 8 удаа шинэчлэн тогтоосон Усейн Болтын дээд амжилт буюу дэлхийн рекорд амжилт нь 2015 оны 1-р сарын 1-ний байдлаар 100 м – 9.58 с, 200 м – 19.19 с, багийн төрөл 4 x 100 м буухиа гүйлтэд – 38.84 с байгааг бид мэднэ. Хөнгөн атлетикийн XII дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2009 оны 8-р сарын 16 нд Берлин хотод зохиогдсон. Усейн Болт энэ тэмцээнд 100 м зайд 9.58 с гүйсэн видео-дүн шинжилгээгээр сонирхолтой үзүүлэлтүүд гарчээ. Энэ нь:
- Дохионы дараа хөдөлгөөн эхлэх хүртэлх үеийн хариу үйлдлийн хурд –
0.146 С.
- Дээд хурд 12.42 М/с, цагт шилжүүлбэл 44.72 Км/цаг.
- Гүйлтийн хурд эхнээсээ аажмаар өсөж, 60-80 м хооронд дээд хэмжээндээ хүрчээ.
- Дээд хурд нь 3-4 с үргэлжилсэн.
- Сүүлийн 10 м–т хурд мэдэгдэхүйц буурсан байна.
- Алхмын тоо – 41 алхам.
- Алхмын дундаж урт - 2.44 См.
- Алхмын дээд урт – 2.85 См, биеийн өндөр – 196 см.
- Алхмын дундаж давтамж секундэд – 4.23 Алхам, минутад – 254 алхам.
- Алхмын дээд давтамж секундэд – 4.4 алхам, минутад – 264 алхам байна. Нам гараанаас 100 м гүйлтийн дэлхийн рекорд амжилтыг тогтоосон
9.58 секундын 5.29 секунд нь нисэлтийн үе байсан ба энэ нь нийт хугацааны 55%-ийг эзэлж байна, өөрөөр хэлбэл “нисэж” байна.