Гүйлтээс гурвын харайлт нь дараалсан гурван удаагийн харайлт боловч түүнийг гүйцэтгэхдээ 3 удаа нэг хөлөөс нөгөө хөл рүү шилжин түлхэж харайдаггүй. Гүйлтээс гурвын харайлтад харайгч тодорхой зайнаас гүйж түлхэлтийн вандангаас нэг хөлөөр түлхэн дэгдэж, түлхэлтийн хөлөөр дахин түлхэж хоёр дахь харайлтыг гүйцэтгэсний дараа, савалтын хөлөөр дахин түлхэж хоёр хөлөөрөө газардах буюу 3 удаа угсруулан харайна.
1920-1930 оны үед дэгдэлт+алхалтын хослолыг идэвхжүүлсэнээр хоёр дахь алхмын уртыг нэмэгдүүлсэн байна.
1940-1960-аад оны үед “хурд- хүчний” чадавх давамгайлсан байдлаар харайж байв.
Орчин үед гурвын харайлтын техник нь өөр хоорондоо бага зэрэг ялгагдаж байна.
Нэгдүгээрт - хурдтай гүйлтээс харайлтын алхам тус бүрт хүчтэй түлхэж харайх буюу хурд-хүчний чадавх хосолсон хувилбар.
Хоёрдугаарт - харайлтын алхам тус бүрт түлхэхийн өмнө хөлийн шилбийг урагш жийсэн байдлаас арагш-доош нь цавчих байдлаар татаж газар тулах ачааллын эсэргүүцлийг сааруулж хүчтэй түлхэх хувилбар.
Гуравдугаарт, урьдчилсан гүйлтийг хурдтай гүйж, гурван харайлтын түлхэлт тус бүрийг гүйлт+харайлттай хослуулах, өөрөөр хэлбэл түлхэлт бүр нь урагш давшингуй, гүйсэн шинж байдалтай харайна
Түлхэлт хоорондын хөлийн савалтын далайц их, босоо тэнхлэгийн хэлбэлзэл бага байснаар гурав дахь харайлтын нисэлт бусад хувилбараас илүү нэмэгдэж харайлт амжилттай болдог сайн талтай юм.
Гүйлтээс гурвын харайлтын амжилт нь дараах хүчин зүйлээс шалтгаална.
Үүнд:
- Урьдчилсан гүйлтийн хурд
- Түлхэлт тус бүрийн нисэлтийн тохиромжтой өнцөг
- Гурвын харайлтын эхнээс дуусах хүртэлх хурд
Түлхэлт бүрт гүйлтийн хурдыг бууруулахгүй байх нь ашигтай. Түлхэлтийн үед нисэлтийн өнцөг их байх нь нэг талаас нисэлтийн замыг уртасгадаг ч нөгөө талаас хурд удааширч, түлхэлтийн хөл дээр ачаалал нэмэгддэг. Гурвын харайлтын нисэлтийн өнцөг уртын харайлтын нисэлтийн
өнцгөөс бага байна. Гурвын харайлтын өндөр зэрэглэлийн тамирчдын нисэлтийн өнцөг “дэгдэлт”-ийн үед 17 градус, “алхалт”-ын үед 14 градус, “харайлт”-ын үед 18 градус байна.
Тулгууртай харайлт
Урьдчилсан гүйлт (тулгуур барьж гүйх, тулах)
Түлхэлт буюу харайлтын тулалттай хэсэг (түлхэх, дүүжигнэх, хөл савах, биеэ хумих, тулгуураас татах, тулгуураас түлхэх)
Нисэлт буюу харайлтын тулалтгүй хэсэг (хөндлөвч давах)
Газардалт
Тулгууртай харайгчдын урьдчилсан гүйлтийн зай нь 35-45 м орчим байна.
Тулгуурыг хоёр гараараа барьж урагш дээш чиглэлд 700 орчим өргөж зогсоно. Зүүн гарын алгаа доош нь харуулж тулгуурын дээрээс атгана (эрхий хуруу тулгуурын доороос бусад хуруу дээрээс), баруун гараа бүсэлхийн ойролцоо, алгыг дээш нь харуулж тулгуурын доороос атгана (эрхий хуруу тулгуурын дээрээс бусад хуруу доороос атгана).
Харайгч гүйх үедээ тулгуураа савлуулахгүй чанга атгаж, 700 орчим өргөж чөлөөтэй гүйнэ. Нумралт багатай шулуун тулгуур нь гүйхэд савлахгүй хэдийч түлхэлт ба нисэлтийн ач холбогдол бага, харин уян тулгуур нь нумралт илүү байна. Өндөр зэрэглэлийн харайгчдын урьдчилсан гүйлтийн хурд 10 м/с хүрдэг.
Урьдчилсан гүйлтийн сүүлийн алхмуудаас эхэлж түлхэлтэнд бэлтгэнэ. Сүүлийн 5 ба 4 дэх алхмаас эхэлж тулгуурыг 700 -аас 250-300 хүртэл буулгана. Сүүлийн 3 алхмаас түлхэх цэгт ирмэгц тулгуурыг баруун гараар урагш-дээш мөрний дээгүүр өргөж тулах хайрцаг руу тулгана (газар жижиг нүх гаргаж доторлосон хайрцаг). Сүүлийн 3 алхам болон тулгуур буулгах хөдөлгөөнийг нэг цаг хугацаанд гүйцэтгэх нь чухал байдаг.
Тулгуур тулах агшинд түлхэлтийн хөлөөр түлхэх, савалтын хөлөөр савах үйлдлүүдийг нэгэн зэрэг гүйцэтгэнэ. Тулгуурыг баруун гараар доош татаж, зүүн гараар урагш-дээш түлхэж, нумлах үед урьдчилсан гүйлтийн хүчээр харайгчийн бие урагш түрж хөдөлгөөнд орох ба хөлийн түлхэлт болон савалтаар дүүжигнэх хөдөлгөөнд шилжинэ.
Түлхэлтийн хөлийг 60-63 өнцгөөр газар тавьж, 75-78 өнцгөөр түлхэнэ. Энэ үед газарт үйлчлэх хөлийн түлхэлтийн хүч 600 кг, тулгуурын тулалтын хүч 300-350 кг хүрнэ. Түлхэлтийн цэг нь баруун гарын тулгуур барилтаас доошоо эгц буусан тусгалын цэгээр өөр өөр байдаг. Үүнд:
•Түлхэлтийн цэг нь баруун гарын тулгуур барилтаас доошоо эгц буусан тусгалын цэгтэй давхцах
•Түлхэлтийн цэг нь баруун гарын тулгуур барилтаас доошоо эгц буусан тусгалын цэгээс урагшаа 30-60 см зайд байх
•Түлхэлтийн цэг нь хоёр гарын хооронд тулгуур барилтаас доошоо эгц буусан тусгалын цэгтэй давхцах
Тулгуур нумрах үед баруун хөлийн өвдгөөр урагш дээш мөрний хэмжээнд хүртэл, дараа нь хөлөө хамтад нь толгой болон тулгуураас дээш чиглэлээр хөндлөвч рүү өргөнө.
Гарын татах хүчийг ашиглан хөндлөвч рүү нүүрэн талаар харсан байрлалд 180 градус эргэнэ.
Тулгуур тэнийж ирэхэд гараар тулгуур руу түлхэж, биеийн өвөр талаар өлмийнөөс өвдөг, гуя, хэвлий, цээж, нүүрний хэсгээр хөндлөвчийг дараалан давж, нуруугаараа арагш гэдийж гараа толгойн ар тал хүртэл өргөнө.
Зөөлөн матрас, поролон дээр дал, нурууны хэсгээр газардана.